Thursday, January 31, 2013

бөө гэж хэн бэ



Бөө гэж хэн бэ?
Өөрийн удмын дээд оюун санаагаар /өвгөдийн сүнс/ дамжуулан хүн заяаг тэгшлэгч засагч залруулагч. Орших хэмийг ухан түүнийг сахин хамгаалагч.


Учир нь улаач бид өөрийн аав ээж талын өвгөдийг залан байж уг удмаа засан байж өөрийн биеийг хөгжүүлэн байж үнэн бөгөөд зохистой гэхийг ухан байж түүнийгээ эл болоод далд ертөнцөд холбон байж засч тэгшилж ухааруулж гэгээрүүлж үйлээ хийн байж бөө гэх нэрийг олж авдаг билээ.

Юуны учир заавал аав ээжийн талаас удмаа залгаж угаа авах учиртай юм бэ ?

Яагаад хаа хамаагүй хүний сүнсийг биедээ залаад түүнээс гэгээрлийг олж болохгүй гэж ?
Учир нь өвгөдийн хэлдэгээр бол
Удамшилд зохистой эрдэм
Удамшилын гурван хэлхээ
Угаа танин удмаа энэрэн буух буурлууд
Ухаантай үрээ тамгалан байхын учир нь
Бидний хэлдэгээр бол генийн гинжин хэлхээ
Түүнд агуулагдах унтаа мэдээлэл, далд ухамсар, зөн гэгдэх тэр хэсэгт л нууц нь байгаа бололтой.
Амьдралын үргэлжилсэн гинжин хэлхээ болох гени, түүний мэдээллийн сан, мянга мянган жилийн ухаарал харуусал, алдаа оноогоор баяжигдан алдана гэж байхгүй аугаа оюун санааг бий болгосон бололтой. Гэвч тэр нь бидний биед унтаа байдаг өвгөдийн сүнс орж ирэн байж түүнийг сэрээн түүнийг мөнхжүүлэн тэдгээр мэдлэг дээр тулгуурлан цаашид хөгжих замыг олдог. Тэр л мэдлэгийн хур нь бидний дотор ширхэг өвс, дусал шүлс яс маханд хадгалагдаастай байдаг БИ гэх энэ мэдээллийн сан, огторгуйн оршихуй болох сүнс хоёр харилцан үйлчилж, сэрч, ухаж, ойлгож үр дагаварт нь аугаа зүйл бүтдэг бололтой. Түүнийг л улаачийн тархи ухан мэдэн алдаа оноог ажин байж өөрөө өөрөөсөө өвгөд буурлынхаа сүнсний тусламжтайгаар л генийн мэдээллийн сангаасаа гэгээрлийг олон ахиж алдахгүй алдаа гэхийн учрыг олж ЧИН ЧУ ХАЖИР үнэнг мянга мянган жилийн амьдралаас ухан ойлгож хэрхэн яаж амьдрахыг, хэмийг тогтоохыг, хэмд хэрхэн нийцтэй байхыг ойлгож таньж мэддэг. Хэм хэмээх нь оршин тогтнох үндэс, огторгуйн үнэн юм. Өвгөд буурлууд бид эх үрийн холбоогоор холбогддогийн учир энэ болой. Энэрэн хайрлах, эргэн эргэн буух эх үрийн холбоо ийм учиртай байжээ.

Тэгвэл яагаад өөр сүнсийг залаад ухаарлын олж болохгүй гэж ?
Энэ нь бидний генийн сантай шууд зөрчилддөг. Үүний үр дагавараар генийн сан эвдэрч, улаач өвчлөх, оюун санаа нь мунхрах аюултай. Илүү дэлгэрэнгүй тайлбарлавал чөмөг шилжүүлэн суулгахад тухайн хүний генийн сантай нийцэх донор болох гэр бүлээс нь хэн нэгэн байхгүй бол эдгээр мэдээлэл нь бие биенийхээ мэдээллийг устгахтай яг адилхан. Өөр хэн нэгний сүнс эзэн биед буудалваас генийн сан эвдэрч улаачийн ухаан санаа баларч задарч хорон муу зүйлсийг сэтгэж мөхөөгч болдог. Өөрөөр хэлбэл архичин, шуналтан, хар тийрэн адын бөө гэгч болно. Энэ нь нийхэмд хортой. Нөгөөтэйгүүр улаачийн бие махбодид ч хортой. Генийн сан нь эвдэрсэн улаачийн биед хорт эсүүд тарж өвчлөмтгий болно. Цаашлаад үр удамд ч хортой. Аутизм, саа, эрхтэн дутуу илүү үр хүүхдүүд төрөх аюултай байдаг ажээ.
Ийм л учраас бид өөрийн удмын дээд өвгөдийн улаач болох учиртай байдаг юм байна. Харин тэдгээр өндөр дээд өвгөдийн сүнс үр удмаа өнө мөнх байлгахын тулд ухаан нь мунхарч ухар мөчид гар нь буруу хөдлөх цагт нь бууж ирэн засч залруулж үр удмаа өнө мөнх байлгахыг хичээдэг.
                                              Бөө хүн гэж хэн бэ ?

Тэнгэрийн санаагаар амьдарч, амь биеэ хайрлалгүй ураг төрөл удам судараа оршин тогтноохыг хичээгч, оюун санаанд үйлчлэгч болж таарах. Үүний тулд тэдгээр оюун санааны уран ухаан энэрэл хайрыг энэ биендээ тогтоон түгээн дэлгэрүүлэгч юм уу ? Энэ нь тэгвэл сурган хүмүүжүүлэгч багш, танин мэдүүлэгч, анагаагч, засагч залруулагч, шүүгч гэсэн үг үү ?
Үүнд та өөрөө хариулна уу.

Нэмж хэлэх хэдэн үг.

Улаач бид төгс биш. Харин түүнд тэмүүлэгч. Харин Өндөр дээд өвгөд бол төгс төгөлдөр. Учир нь мянга мянган жилийн алдаа онооны ухаарлыг олсон сүнс хэмээх нь өөрөө алдашгүй болтлоо батажсан аугаа мэргэн байдгийг та ухах байлгүй дээ. Харин тэднийгээ тухлуулан байж, биежүүлэн байж өвгөдөөсөө ухаан юуг, ур юуг, суу сургааль, сургамжит үгсийг нь сонордон байж биеэ засах гэрээ засах, цаашлаад төрөө засах үрс бид юм шүү. Улаач бид замбын хүнийхээ хувьд үргэлж бууж байх зай завдал юусан билээ. Цаг гэж үргэлж л чамлалттай байх эд юм даа. Харин өвгөд буурлууд минь хий биеэрээ, хийсэглэн дүрээрээ үргэлж дэргэд минь хамт байж хайрлаж энэрч амьдралаар минь сургаж, алдаа оноог минь ухааруулж, алдах хэдэн үгсийг минь залруулж, мууг анхааруулж сайныг сайшаан явдагийг та мартаж болохгүй шүү. Хүн та, улаач та хэр ихийг ухах нь танаас л хамаатай. Тэртээгээс илүү ухаарлыг олох боломж үргэлж нээлттэй. Атаа хорсол адын сэтгэл үгүйгээр, энэрэл хайр дүүрэн, эх дэлхйигээ мөнх орших энхрий үрсээ үүрд байлгах чин хүслээр өөрийгөө хөвчлөн, зөв амьдралын хэмийг түмэн олондоо ухааруулж яваарай. Өвгөдөөсөө бид суу ухааныг нь энэхэн биедээ суулгахын тулд их хичээл хөдөлмөр шаардлагатай. Наанадаж өгөх мэдээллийг нь бүрэн таньж мэдэхийн тулд хий биетнийг харах сонсох мэдрэх үнэртэх зөгнөх зүүдлэх 6 мэдрэхүйгээ хөгжүүлж зөв дүгнэлтийг хийхийн тулд тархи оюунаа төгөлдөржүүлэх их ажил байна даа. Мөн амь амьтан хүн болсноос хойш хөдлөх урлах сэтгэх Эрчинэнхэм-ээр тэтгэгдэх хэрэгтэй.

Биеэ оршоохын тулд зохистой хооллож хөдөлж үржих хэрэгтэй.
Тархиа оршоохын тулд бодох, сэтгэх, бясалгах хэрэгтэй.
Сэтгэлээ оршоохын тулд хайрлах, харилцах, баясах хэрэгтэй.
Сүнсээ оршоохын тулд сэрж, эрчимнүүлж, ухаарч байх хэрэгтэй.
Өөдөсхөн биеийг минь манаж өнө их суу ухаанаа өвлүүлэх өвгөдөөн харин хайрлаж тэтгэж итгэж байх хэрэгтэй байна даа.

Бөө хүн гэж хэн бэ ?

Алтан судар дээр
Мэдвэл зохихуйг тархиндаа хурааж
Чин чу хажир үнэнд нийцсэн хэмийг ухаж
Мянган жилийг тольдон харж
Хуруу хөдөлгөхийн дайтай үйлээ хийж
Сүнсэн бие нь бөх болох
Хүүн нэгнийг БӨӨ хэмээнэ үү ?

Өвгөдийн сургуулиас
           

No comments:

Post a Comment